Улаан хөшигтэй тайз…

Ido
Oct 7, 2023

--

Хаалгагүй, цонхгүй харанхуй жижигхэн театрт үзэгчид хэн нэгнийг шоолон инээлдэнэ, зарим нь уурлан орилно, зарим нь уйлж байгаа харагдана. Энэ театрын тайз нь бүтэн тойрч тасралтгүй үргэлжлэх ажээ.

Баруун гар талд нэгэн алиалагч баян тансаг илбэ үзүүлнэ. Залуус тийш хошууран алга ташна. Зүүн талын тайзан дээр үрээ алдсан эх эхэр татан орилно. Хүмүүс мэгшин уйлна. Хойд тайзан дээр хоёр хүн хэрэлдэж ямар нэгэн үнэнийг хэн нэгнээс нэхэн хашхична. Үзэгчид учрыг нь ойлгох гэж алмайран сууна. Бүх л талд зэрэг зэрэг маш олон жүжиг тоглоно. Зарим жүжгийн үзэгчид нь тухайн жүжгийнхээ олны хэсэгт багтаж, жүжгийн нэг хэсэг болчихсон байгаагаа ч анзаарахгүй мансууран самуурчээ…

Ихэнх жүжиг “ҮНЭН” эсвэл “ШУДРАГ ЁС” гэсэн нэртэй… Хайлган цайлган хүмүүс хайлж уйлна. Сэтгэл хөдлөлтэй хүмүүс “сэрцгээ босоцгоо”, “надад итгэ”, “намайг дага” гэх мэтээр бархирна. Зарим нь өвөр хороондоо зодолдож үймээн самуун үүсгэнэ.

Найруулагчид тэднийг хөшигний завсраар ажиглана…

--

--

No responses yet